Нүүр » 2011 » 12-р сар » 6 » Хуулийг гууль болгогчид хууль тогтооно
11:55 AM
Хуулийг гууль болгогчид хууль тогтооно

1980-аад оны дундуур хөлбөмбөгийн дүрмэнд нэгэн өөрчлөлт оруулах тухай яриа гарч нэг хэсэг шуугиж билээ. Шалтгаан нь их энгийн. Хөлбөмбөгийн тэмцээн бүхэл бүтэн 90 минут үргэлжлэх боловч заримдаа нэг ч гоал орохгүй үзэгчдийг чилээж байна гэж үзжээ. Уран гоё, олон сайхан гоал үзэх гэсэн үзэгчдийн хүсэл хэрэгцээг хангах ямар боломж байж болох вэ? Хөлбөмбөгийн хаалгыг томруулах. Хөлбөмбөгийн хаалганы стандарт хэмжээ өргөөшөө 7 м 32 см, өндрөөшөө 2 м 44 см. Хэрэв үүнийг өргөөш нь ядаж 1 м, өндрөөш нь 50 см нэмчихвэл хаалганд орох гоолын тоо эрс нэмэгдэж бараг л хоккейноос олон гоал ороод л үзэгчид шуугиад л алгаа ташаад л хөлбөмбөг чухам л сэргэн мандах ухааны юм ярьж зарим нь сурталдаж байлаа.

Нээрээ ч тэр үед хаалганд гоол орох нь цөөхөн, баахан уйтгартайдуу байсан боловч хөлбөмбөг сонирхогчдын тоо буурч байгаагүй юм. Маргалдаж маргалдаж, хэрэлдэж хэрэлдэж эцэст нь, хэрэв хөлбөмбөгийн хаалгыг томруулах юм бол Их хөлбөмбөгийн оронд Их том аварга хаалга л үлдэх болно гэдэгтэй бүгд санал нийлцгээсэн билээ. Хөлбөмбөгийн хаалганы хэмжээ хэвээрээ үлдсэн. Харин хөлбөмбөг тоглогчдын ур чадвар эрс дээшилж, арга тактик нь боловсронгуй болсоор, хаалганд орох уран гоё гоолын тоо нэмэгдсэн юм. 

Үнэндээ хамаг юм гоолондоо ч биш 90 минутын тушид ур чадвар арга тактикаа уралдуулан тэмцэлдэх тасралтгүй тэмцэлдээндээ л байдаг билээ. Гоё гоол орох сайхан боловч, тэр гоё гоолыг оруулах моментыг хэрхэн бүрдүүлж, хэзээ хэзээгүй довтолж мэдэх ур чадвартай тоглогчид хөлбөмбөгийг чимдэг. Хаалганы хэмжээг өөрчлөөгүйгээрээ хөлбөмбөгийн спорт хийгээд хөлбөмбөг сонирхогч олон сая хөгжөөн дэмжигчид хожсон билээ. Чухам хөлбөмбөг гэж нэрлэгдэж байгаагийн учир нь яг л ийм хэмжээний талбайтай, ийм хэмжээний хаалгатай, тийм тооны хөлбөмбөгчид, тогтсон хугацаандаа, тохирсон дүрмийнхээ дагуу тоглож тэмцэлддэгтээ л байгаа юм.

Манай улс төрчид харин дүрмэндээ байнга л өөрчлөлт орууламхай. Сонгууль бүрийн дараа л бөөн гомдол, сонгуулийн хуулийг өөрчлөх тухай яриа. Эдгээр бүх яриа хэлцээний цаана нь тухайн нам хүчний өчүүхэн эрх ашиг цухалзана. Өөрийн нам болоод өөрөө тухайн сонгуулийн хуулиар сонгогдох боломж, ялах "цонх” нь хэр том, өргөн, нээлттэй байна вэ гэдэг үүднээс л асуудалд хандана. Парламентад суудалтай 3-5 нам, 76 гишүүн асуудлыг өөр өөрийн эрх ашгийн үүднээс хараад яриад байхаар чухам аль нь зөв хийгээд буруу, давуу болон сул талтайг ялгаж салгах, асуудлын мөн чанарыг тодруулах ямар ч боломжгүй, харин ч улам бүдгэрч, буруутсаар байх ажээ. Гэвч тэд бүрэн эрхийнхээ дагуу өөртөө таарсан хуулийг өөрсөддөө зориулан боловсруулж, өөрсдөө сонгогдсоор байх аж. Сонгууль болгоноор л сонгуулийн хуулийг өөрчлөөд байгаа нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болгоны өмнө дүрмээ шинэчлээд байгаагаас юугаараа өөр гэж.

АН, сонгуулийн мажоритар тогтолцоог өөрчилж, пропорциональ тогтолцоог сонгоё гэж  ялагдах тоолондоо л гомдоллодог байлаа. Гэтэл 2008 оны эхээр МАХН-ын дарга С.Баяр сонгуулийн төгөлдөршилт нэрээр сонгуулийн пропорциональ тогтолцоог сонгоё гэж санал гаргахад чухам АН, тухайн үеийн намын дарга асан Ц.Элбэгдорж л идэвхийлэн эсэргүүцэж жадлан гутаасан билээ. Хариуд нь томсгосон тойрог, бөөн будилаан, 7 сарын 1 зэрэг асуудлаас гадна, өөрсдөө сонгуульд ялагдаж, МАХН-ын хатавчинд хавчуулагдаж, намынхаа төдийгүй, ардчилсан хүчнүүдийн нэр хүндийг ч нэг мөсөн гутааж, дээр нь намуудын нэр хүндийг ч унагачихсан билээ.

Одоо тэд пропорциональ тогтолцоог бүгдээрээ л дэмжиж байгаа гэнэ. МАХН, АН-ын гишүүдийн оролцоотой ажлын хэсэг байгуулагдаж, Сонгуулийн шинэ хуулийн төсөл боловсруулсан гэнэ. Аман дээрээ, нэг намын эрх ашиг, хэн нэг улс төрчийн сонгогдох боломжийг мартаад сонгуулийн маш сайн шударга хуультай болохыг зорьсон гэж сурталдаж байна. Гэвч яаж итгэх юм бэ? Сонгуулийг луйвардаж сурсан улсуудаар нь өөрсдөөр нь сонгуулийн хуулийг хийлгэхээр сонгууль яаж шударга болох юм бэ? Тэд өөрсөддөө ашигтай сонгуулийн хууль хийгээгүй гэдгийг яаж батлах юм бэ? Тэдний сайхан ярьдагт бид олон жил хууртагдсан болохоор тэд хичнээн үнэн ярьсан ч итгэхгүй болчихжээ. Ялангуяа тэднийг ийм гоё уран сайхан яриад эхлэхээр улам л хардах сэтгэл төрөх болж.

Сонгуулийн мажоритар хийгээд пропорциональ тогтолцооны давуу болон сул талын талаар нуршиж яримааргүй байна. Аль нэгийг нь дэмжиж, нөгөөг нь үгүйсгэмээр ч үгүй байна. Ердөө л тэд өөрсдөө өөрсөддөө зориулсан тоглоомын дүрэм зохиож байгаа нь таалагдахгүй байна. Өөрсдийнхөө толгоомын дүрмийг зохиохоос гадна, өөрсдийнхөө шүүгчийг тэд өөрсдөө сонгож байгаа нь нэг л сэжигтэй. Өөрөөр хэлбэл толгоомонд хожих бүх л давуу талуудыг тэд хуульчилж авах гэж мэрийж байна. Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр тэд санал нэгдэж байгааг намуудын ашиг сонирхлын зөрчилтэй холбон хардах эрх бидэнд хангалттай байгаа.

Ангилал: Улс төр | Уншсан: 408 | Нийтлэсэн: Ганбаа | Үнэлгээ: 0.0/0
Нийт сэтгэгдэл: 1
ariuka | Сэтгэгдэл № 1 | Огноо: 2012-01-24

er n huuli oorchillo gd hens hmaa bn aa. tuhain huwi hun ali ner tor saitaig n l harna shdee. vvnii batalgaa ch bgaa. huuli batlagchid ugaasaa oort ashigtai amarhng l songodog shdee. ehleed oorsdiigoo oorhilj ard tvmnii erh ashgiin toloo yawbal zvgeer bh.

Нэр *:
Имайл:
Кодыг давт *:
Чат
Санал асуулга
Миний нийтлэлүүдэд үнэлгээ өгнө үү?
Нийт хариулт: 33
Статистик

Нийт онлайн: 7
Зочин: 7
Гишүүн: 0
Нэвтрэх
Календарь
«  12-р сар 2011  »
Ня Да Мя Лха Пү Ба Бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031