7:26 PM Зайсан толгойн мөрөөдөл | |
Саяхан санамсаргүйгээр Зайсан
толгойд гарах хэрэг гарлаа. Энэ хүйтэн сэрүүнд Зайсангийн
оройд хүн амьтан бараг байхгүй биз гэж бодсон ч хөл гишгэх газаргүй
байлаа. Үүнээс үүдэн толгойд орсон зарим бодлоо хуваалцая. Сүүлийн
жилүүдэд дотоодын аялал жуулчлал их сэргэсэн. Аялал жуулчлал гэхээр л
заавал хотоос гарч давхилдахыг хэлдэггүй. Улаанбаатар дотроо ч аялал
хийж болдог. Манайд, томоохон хотуудынх шиг, Улаанбаатар хоттой танилцах
аялалын маршрут байж болдоггүй юм болов уу? Хувь хувийн, компани тус
бүрийн жижиг жижиг бүлэгтэй аялалуудыг мэдээж хэлээгүй байна. Том том
бүлгээрээ ар араасаа тасралтгүй цуврах конвер маягийн жуулчлалыг хэлж
байна. Хэрэв ийм жуулчлалын бүтээгдэхүүн байдаг бол гадны төдийгүй
дотоодын зарим хүн ч тэр үйлчилгээг авч болох л байх даа.
Хот доторх аялалд мэдээж бүтээгдэхүүнүүд хэрэгтэй. Ямар хотоор автобустай авч давхиад тараагаад буулгалтай биш. Хэдэн музейнүүд, үзвэрүүд, Сүхбаатарын талбай, Гандан, Түмэн эхийн тоглолт ч байж л байгаа л даа. Гэхдээ эдгээрийг бүрэн утгаар нь жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, нэгдсэн нэг бүтээгдэхүүн болгож ложистикийг нь хийж болох л байх. Жуулчлалын маршрутад өөрийн бүтээгдэхүүнийг оруулах гэж үйлчилгээний цэгүүд бүр өрсөлдөж, уралдаж болно шүү дээ. Маршрутад багтсаны төлөө тухайн жуулчлалын компанид мөнгө төлж ч магадгүй. Яагаад гээч, манай үйлчилгээг хэн ирж авах бол гээд идэвхгүй хүлээж сууснаас, аль нэг жуулчлалын компанитай гэрээ байгуулчихвал илүү олон хүнд үйлчилж, илүү их орлого олох боломжтой болох юм. Тухайн үйлчилгээг авах өндөр үнэ төлөхөд бэлэн гадаад дотоодын жуулчдыг бөөн бөөнөөр нь цуглуулан авч ирж байгаа жуулчлалын компанид мөнгө төлж яагаад болохгүй гэж. Гэхдээ хэн мэдэх вэ, эхлээд жуулчлалын компаниуд ч гуйх хэрэг гарч мэднэ. Үйлчилгээний цэг тус бүр өөр өөрийн үйлчилгээг сайжруулж, жуулчдын мөнгийг саах өвөрмөц аргаа хөгжүүлэх хэрэгтэй болно. Нэгэнт Зайсангаас санаа авсан болохоор Зайсангаар жишээ авъя. Хамгийн түрүүнд зогсоолын талбай хэрэгтэй. Олон машин багтах, олон давхар зогсоол хэрэгтэй. Одоо байгаа талбай багадахын зэрэгцээ тохь тух муутай. Нэгэнт зогсоол учир олон хүн бууж суудаг тэр газарт худалдаа, бэлэг дурсгал, сувенир, зураг авдаг үйлчилгээнээс гадна хоол цай идэж уух, хүйтэн сэрүүнд дулаацах, халуунд сэрүүцэх, эсвэл нарлах, цаашилбал бие засах амрах газрууд хэрэгтэй болно. Кофе, коланы автомат машинуудаас гадна бэлэн мөнгөний АТМ ч хэрэгтэй. Зайсангийн хажуугийн горхи дагасан талбайд бурхан багшийн цэцэрлэгийг оролцуулаад суух амрах сүүдрэвчүүд, авсаархан тоглоомууд ч байж болно. Зайсан толгойтой чацсан өндөр дээрээс эргэлдэн буудаг ганц тоглоом байхад л олон хүнийг татаж чадна. Зайсанд очоод яг Зайсан толгой руугаа өгсдөг авто замаар гарах машины тоог эрс цөөлөх хэрэгтэй, тэгэхгүй бол тийшээ бүх машин гарах гэж шаваад юм үзэх амрах гэхээсээ бухимдах нь их юм билээ. Дээшээ гарахыг хүссэн нэг нь өндөр үнэ төлөөд гарвал гарна л биз. Одоогоор 500 төгрөг хураагаад л бүх машинуудыг оруулж байгаа нь хямдаас гадна, хяналтгүй зохицуулалтгүй болгож байна. Үнээр хязгаарлаж, дээшээ тэмүүлэгсдийн тоог хязгаарлаж, хянаж болно. Тэгээд мөнгөгүй, явган явж чадахгүй нь яах юм бэ гэж үү? Зайсан толгойг барихдаа жижиг төмөр зам ашигласан байдаг юм. Тэр төмөр замаар хүнд хүнд боржин чулуунуудыг дээш нь татаж гаргасан байх. Энэ төмөр замыг ашиглаад, цахилгаан тэргэнцрүүдийг явдаг болгочихвол хүн бүр л суух байх даа. Тодорхой үнэ тарифаар хүмүүсийг дээш нь зөөх ийм зөөврийн тэргэнцэр нь Зайсан руу олон хүнийг татна. Мөн түүнтэй адил зэрэгцсэн тэргэнцрүүд, зарим нь шууд орой руу нь зарим нь дунд талын тавцан руу гардаг байж болно. Дээш нь зөөж болсон юм чинь доошоо буулгаж яагаад болохгүй гэж. Гэхдээ доошоо буухдаа Зайсан толгойг ороон хурдалж, огцом унаж, орилуулан хашхируулан бууж болно шүү дээ. Парк явснаас бараг сонирхолтой. Зайсан толгой руу гарсан тэр их хүмүүсийн урсгалыг дараа нь хааш нь шингээх вэ? Зайсан толгойг зэргэлдээх уулын бэлтэй эсвэл шууд Туул голын эрэг дээр байх амралтын талбай руу дүүжин дамжуулгаар холбож, тийш нь зөөдөг нэг урсгал байж болох юм. Уулын бэлд (оройд ч юм уу) очиход нь тэнд жинхэнэ амрах, хооллох, үзвэр үйлчилгээний гарууд байгуулж болно. Түүнийг ёстой аялал жуулчлалын зориулалтаар олгосон зөвшөөрөлтэйгөөр бариулах хэрэгтэй дээ. Монголчууд байвал ай мөн сайн даа. Өндөр барилга дээрээс шилэн цонхоор шөнийн Улаанбаатарыг харангаа лааны гэрэлд стейк идэж суугаа гэр бүлийг төсөөл дөө. Зайсангийн гүүрний дэргэдэх хоёр өндөр барилга л шавар хаах байх даа. Туул голын эрэг дээр байгуулах амралт зугаалгын газрыг дотоодын хөрөнгө оруулагчдад (гадаадын тэр дундаа солонгосын биш шүү) зөвшөөрөлтэйгөөр бариулж, усан бассейн, аквапарк болгон өргөжүүлж болно. Эрх биш улс байна даа аквапарктай байх хэрэгтэй биз дээ. Чаддагсан бол өвөл зунгүй ажжилладаг усан парктай бол ч хүүхэд залуучууд салахгүй л байх даа. Зайсан толгой дээрх зай талбай даанч бага. Гэхдээ хүсвэл дээр нь олон янзын үйлчилгээг нэмж болно. Зураг авах үйлчилгээ байж болно. Зайсан дээрээс шөнийн Улаанбаатар гоё харагдах боловч, зураг дээр түүн шигээ гоё гардаггүй юм. Шөнийн Улаанбаатарын фонон дээр зургийг нь авч өгөх мэргэжлийн зурагчинд хэн ч гэсэн дуртайяа патераа татуулна. Эсвэл хотыг дуранддаг том том төлбөртэй дурангууд зоож яагаад болохгүй гэж. Шөнийн цагт хотыг харах шөнийн дуран ч байж болно. Хүсэн хүн нь хүссэн газраа эрж олох, харах, хүсвэл өөрийн сургууль байшингаа харж болох л юм. Зайсангаас од дурандах бичил дуран ч байсан болохгүй гэх газаргүй мэт. Хэрэв Зайсан толгой ийнхүү аялал жуулчлалын нэг төв болбол тийшээ ирж
очих метро ч бас хэрэгтэй болно доо. Гэх мэтээр үргэлжлүүлэн мөрөөдөж
болж байна. Ер нь хичээл дээр сууж байхад энэнээс олон гоё гоё санаа орж ирж байсан шүү хэхэ... Жуулчлалын цэг бүрийг ийнхүү өөрсдийн боломжоор өргөжүүлж хөгжүүлбэл юун Тавантолгой, юун Оюутолгой, Зайсан толгой л гэж яригдах биз. Зайсан толгойд элдэв зөвшөөрөл өгсөн нь ямар их боломжийг хааж байгаа бол? Хэрэв дан аялал жуулчлалын зориулалтаар ашигласан бол ямар их давуу тал болж болох байсан бол? Энэ бол алдагдсан боломж. | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |