7:03 PM Олонхи ба хувь хүн | |
Үндэс гэж юу вэ? Үр жимс ургах эсэх нь үүнээс л хамаатай. Үндэс эс оршивол мод ч эс оршино. Харин амьтадын үндэс нь юу вэ? Үүнийг эргэцүүлээд байх шаардлага алга. Харин хүн амьтнаас юугаараа ялгарах вэ? Мэдээж оюун ухаанаараа. Бид амьтдааас оюун ухаанаараа ялгагддаг юм бол хүн хүнээсээ юугаараа ялгагддаг вэ? Хариулт нь үзэл бодол. Тиймийн тул хүний үндэс гээч нь үзэл бодол байх нь. Хариултыг олох нь дэндүү амар юм. Гэхдээ үзэл бодол хэмээх нууцлагдмал зүйлийг цааш нь задалбал өч төчнөөн утгыг агуулна. Хүмүүс бид өөр өөрсдийгөө 7 тэрбумд нэг тохиолдох, хэзээ ч давтагдашгүй бодьгал гэж үздэг. Тэрүүгээрээ ч бахархдаг. Би түм буман хомо сапиенсаас ялгарах хүн шүү гэж хашгичина . Гэтэл бид юугаараа бахархаад байгаагаа эргэцүүлж нэг үзсэн үү. Гадаад төрх өнө мөнгөөрөө бид бусдаасаа ялгардаг гэж үү. Бат Долгороос нүдний өнгө, хамарны хэлбэр, үсний өнгөөрөө ялгагдана. Харин оюун ухаанаараа ялгарч байна гэж үү. Долгор чамаас ухаантай байлаа гээд түүнийг дагаж адилхан санаа гаргах ёстой гэж үү. Үгүй дээ өөр өөрийнхөөрөө л бай. Гадаад төрхөөрөө ялгагддаг л юм бол чи түүнээс үзэл санаагаараа ч өөр байх ёстой. Үзэл бодол бусдаас илүү байна уу? Дутуу байна уу? Тэдэнд ер хамаагүй. Угаас энэхүү сэдвийг голчилж авч үздэг хүн ховор. Хэн юу гэж дугарна түүнийг л дагана. Дондог нэг санаа гаргавал түүнийг л дэмжинэ. Өөрт нь оюун ухаан байгаа ч хүний ухаанаар сэтгэдэг улсууд олон. Дондог тэгж хэлж байгаа тул зөв л байж таараа, би ганцаараа гөжүүдлээд яахав гээд л өнгөрнө. Өөрөө үзэл бодлоо хэлж чадахгүй. Магадгүй хэлэхээс ч айдаг байх. Тэдэнд өөрийн гэсэн тархи толгой байна уу? Удахгүй бусдын оюун ухаанаар амьдардаг шигээ бусдын уушгиар амьсгалах байх. Тэдгээр бүлэг хүмүүсийг тоть гээд нэрлэчихэд нээх буруудахгүй байх. Хүн болгонд өөр өөрийн гэсэн сэтгэх сэтгэхүй бий. Түүнийгээ бусдад илэрхийлэх хэл ам бий. Эрт дээр үед өвөг дээдэс маань хоол ундаа олж идэх чулуун зэвсэг, төмөр зэвсгийг бүтээж түүгээ хэрэглэж заншсан. Нэг ёсондоо тэдний гол зэвсэг нь төмөр зэвсэг байлаа. Харин бидний зэвсэг оюун ухаан, хэл ам. Оюун ухааны цар хүрээндээ бид юу ч бодож юу сэтгэж болно. Бусад хүмүүс чиний бодлыг уншиж чадахгүй учраас чиний юу гэж бодох нь зөвхөн чиний эрх. Бидний оюун ухааны төсөөлөл хязгааргүй. Хэл амаа харин хязгаартай хэрэглэнэ. Гэхдээ хүн бүхэн үүнийг буруугаар ойлгож явдаг. Хэл амны хязгаар хэмээх зүйлд хашигдаж үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй. Ингээд хэлчихвэл тэр намайг юу гэж бодох бол, ийм санаа дэвшүүлчихвэл бусад хүмүүс шоолох юм болов уу гэсн хашигдмал сэтгэхүйн дор амьдарч байдаг. Хэл амын хязгаар ийм зүйл дээр оршихгүй ээ та минь ээ. Бусдыг доромжлох нэр хүндэд халдаж харааж зүхэхээр хязгаарлагддаг юм. Тэгэхээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үг хэлэх дээр хязгаарлагдахгүй. Нэг ёсондоо бид өөр өөрсдийн үзэл бодлын гадуур торон хашаа босгоод байгаа хэрэг юм. Бид одоо хэн нэгнээс хараат байх цаг нь биш болжээ. Хэн нэгэн өөрийн саналаа дэвшүүлсний төлөө яагаад чи юу ч бодолгүй дагах ёстой гэж. Бүх нийтээрээ нэг саналыг дэмжиж байвал чи яагаад заавал түүнийг дагах ёстой гэж. Өөрийн чинь бодол түүнтэй нийцэхгүй бол яагаад нийтээ дагах ёстой гэж. Бүх зүйлийг хагас дутуу хардгийн хар гай л юм болов уу даа бурхан минь. Дараагийн хөндөх ёстой сэдэв бол нийт ба хувь хүн. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, Бүлээн усаар угаавал хиргүй. Мөн Олны хүч оломгүй далай гээд нийтийн сүр хүчийг бахадсан зүйр үгс олон. Угаас бидний толгойд нийтийн жишиг гэсэн соц сэтгэхгүй бат шингээстэй. Биднийг бага байхаас л ийм үгээр тархи толгойг нь цэнэглэж өгдөг. Аргагүй дээ эцэг эх багш сурган хүмүүжүүлэгчдийнх нь толгойд ч бас энэхүү бодол хадаастай байдаг хойно. Миний хүү анги хамт олныгоо л дагаж яваарай хамт олон чинь санал гаргавал шууд л дэмжээд байгаарай, битгий эсэргүүцээд бусдын дургүйг хүргээрэй гэх мэтээр хүүгээ хүмүүжүүлнэ. Аав ээжийн алтан сургаалийг үл хүндэтгэх хүүхдүүд ховор биз ээ. Эцэг эхийнхээ захиаасаар хамт олны шийдвэрийг дагана. Шийдвэрийг нь дагахгүй байсан ч хүчээр түүндээ уусгадаг. Өөр үзэл санаа гаргалаа гэхэд түүнийг нийтээрээ эсэргүүцнэ. Дайрна давшилна үгүйсгэнэ. Эцэст нь үзэл бодлоо алдана, тэдэнд уусна. Тийм учраас олонхи гэдэг ийм л аюултай. Харин үнэхээр тэдний эсрэг тэмцээд, мохошгүйгээр үзэл бодолдоо үнэнч байж чадвал та жинхэнэ бүтээгч байж чадна. Шинэ санаа, шинэ үзэл бодол, шинэ бүтээл болгоныг үүсгэгчид үргэлж ганцаараа түүнийг бодож олсон байдаг. Хэзээ ч тэд олонхийн хүчээр бүтээгч болж чадаагүй байдаг. Тийм л учраас олонхийн эсрэг ганцаараа зогсож буй хувь хүн бүтээгч байдаг гэж би магтаад байгаа хэрэг. Тийм л учраас би олонхийн жишгийг үгүйсгээд байгаа хэрэг. Эцэст нь хоёр талд хувь хүн, хамт олон гэж зогсдог. Хамт олны тоо олон учраас хувь хүнийг бут цохиод л гараад ирдэг. Шинэ санаа, шинэ бүтээл болгон олонхийн оюун ухаанд нь биш сүр хүч, бүрэлдэхүүний тоо хэмжээнд нь ялагддаг. Үнэхээр олонхийн санаа нь зөв байгаад түүнд ялагдсан бол харамсах зүйл байхгүйсэн. Гэтэл хамгийн инээдтэй нь тэд олуулаа учраас ялдаг. Буруу ч бай зөв ч бай тэд илүү хүчтэй. Одоо цагт бүх юмыг олонхийн санал гэдэг болж. Ардчилалд бүх юмыг олонхийн саналаар гээд л асуудлыг тэр дор нь шийднэ. Ардчилал арван жилийн сургуульд хүртэл ажиглагдана. Хоёр хүүхэд үзэл бодлоо илэрхийлнэ, өөрсдийн санаагаа илэрхийлнэ. Эцэст нь аль сурлагатай, аль бусадтайгаа нийлдэг нь л ялдаг. Магадгүй хэн олон найзтай нь байх. Анги дунд бусадтайгаа нийлдэггүй жожиг нөхрийг сонгож байснаас тэд найзынхаа л саналыг дэмжинэ. Өмнө нь үг дуугардаггүй байсан Батыг биш, анги хамт олондоо нэр цуутай Доржийг л дэмжинэ. Бүгд саналаа хураана. Олонхийн саналаар утгагүй санал дэвшүүлсэн Дорж ялна. Батын зөв санаа замхран алга болдог. Ийм жижиг зүйлээс хүртэл олон нийт ба хувь хүний тэмцэл эхэлдэг. Өмнө нь мөрдөгддөг байсан дүрэм хүртэл үүнтэй агаар нэг. Тухайн дүрмийг дутагдалтай гээд үзэл бодлоо хэлнэ, тэмцэнэ, үгүйсгэнэ. Эцэст нь олонхи нь зөрөөд түүнийг нь үгүйсгэнэ. Өмнө нь ийм байсан одоо ч ийм байх ёстой. Бидний тэр энэ ингэдэг байсан тэгдэг байсан. Тийм учраас наадах чинь буруу гэж нийтээрээ эсэргүүцнэ. Нэг хүн эсэргүүцлээ гээд өнөөх хар мянган нөхдүүдийн дээр гарж яахан чадах билээ. Гэхдээ үүгээр юм болгоныг эсэргүүц гэсэн үг биш. Олонхийн санал байвал түүний эсрэг бай, заавал тэд буруу яридаг, буруу үзэл дэвшүүлдэг гэж бүү бод. Тэдний дунд ч гэсэн авахаар бас хаяхаар санаа их бий. Чиний буруу бол түүнийгээ заавал зөвтгөх шаардлага байхгүй. Тунгаа бод, оюун ухаанаа ашигла. Эцэст нь хэний буруу болох нь өөрөө тодорно. Бидний зэвсэг хурц шүд, хурц хумс биш. Бидний зэвсэг үзэл бодол гэдгийг санаж яв. Гэхдээ ийм үг байдгийг санаарай: "Олонх хэзээ ч зөв байдаггүй.Хэзээ ч! хэмээн би давтан хэлье." Г.Ибсэн | |
|
Нийт сэтгэгдэл: 0 | |
Улс төр [2] |
Боловсрол [2] |
Спорт [3] |
Хошин нийтлэл [3] |
Нийгэм [6] |
Эдийн засаг [0] |
Өгүүллэг [0] |
Мөрөөдөл [1] |
Спорт [1] |
Фото нийтлэл [1] |
« 4-р сар 2012 » | ||||||
Ня | Да | Мя | Лха | Пү | Ба | Бя |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
29 | 30 |